Людвиг ван Бетховен

Людвиг Ван Бетховен нь Германы хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч байжээ. Барууны хөгжмийн урлагийн сонгодог ба романтизмийн үеийн хоорондох шилжилтийн үеийн маш чухал хүн байсан бөгөөд одоо ч гэсэн хамгийн нөлөө бүхий, нийтэд таашаагдсан хөгжмийн зохиолчдын нэг хэвээр байна.

Залуу нас
Хөгжмийн суут зохиолч Людвиг ван Бетховен Германы Бонн хотод төржээ. Авьяас билэг нь багаасаа тодорсон Бетховен 10 насандаа даралтат хөгжим, бадралт бишгүүрээр тоглодгоороо Бонн хотод алдаршиж эхэлжээ. 17 настайдаа Вена хотноо очиж хэдийнээс мөрөөдсөн алдарт Моцартын хөгжимдөхийг сонссон төдийгүй дотно танилцсан нь түүнд асар их урам зориг нэмжээ. Хоёр их хүний анхны учрал Бетховены ирээдүйг төгс тодорхойлж өгсөн юм. Гэвч энэ уулзалт төд удсангүй Л.Бетховены эх нас барж хүнд гарз тохиолдсон бас амиа бодогч эцэг нь орон гэрээ орхиж одсон тул Бетховенд хоёр дүүгээ асарч тэтгэх үүрэг ногдсон байна. Энд Бетховен дуурийн театрын эрдүү хийлчээр ажиллаж чөлөө завандаа концертод хөгжимдөж, хөгжмийн хичээл заадаг болов. Л.В.Бетховен ховор олддог амралтынхаа цагийг үзэсгэлэнт байгальтай Бонн хотын захад өнгөөрөх дуртай бөгөөд Рейн мөрний хөвөө тэгшхэн тал хөндий, ой модон дотор байгалийн сайхан авиа эгшиг сонсон сууж зовлон зүдгүүрт амьдралаа мартагнадаг байлаа. Энэ үеэс Бетховен өөрийн болон өргөн олны сэтгэл санаа, зовлон жаргалыг зохиол бүтээлдээ аль болох тод тусгахыг эрхэмлэж анхныхаа сонат, эгшиглэнт аялгуу, дөрвөл, гурвалыг туурвижээ. 1789 онд Францийн хөрөнгөтний ардчилсан хувьсгалын нүргээнт жилүүд эхлэв. Эл нүргээн Герман орныг нэгэн адил хамарчээ. Энэ үед философийн салбарын сонсогч байсан Л.Бетховен бусад нөхдийн нэгэн адил ах дүү ёс, тэгш эрх, эрх чөлөөний тухай мөрөөдөж хувьсгалын үзэл санаанд үнэнч байхаа тангараглажээ. Оюутнууд түүний «Чөлөөт хүн гэдэг» дууг нууцаар дуулж байлаа. Л.Бетховен ийнхүү хувьсгалын үзэл санаагаар хүмүүжсэн нь түүний хосгүй авьяас билгийг тэтгэх хур, ивээх нар болж өгсөн билээ.
Анх 1801 онд, дөнгөж 30 настай байхдаа, агуу хөгжмийн зохиолч сонсгол нь муудаж байгаа тухай ярьж эхэлжээ. Тэрээр хөгжмийн зэмсэг болон дуу хоолойны дээгүүр өнгөний ноотуудыг муу сонсож байгаа тухайгаа гомдоллож байсан байна. 1812 он гэхэд хүмүүс түүнтэй ярихдаа чанга хашгирах болж, 1818 оноос Бетховен бусадтай зөвхөн бичгээр харилцах болжээ. Улмаар 1827 онд нас барахдаа тэрээр таг дүлий болсон байсан билээ.
Нидерландын Метаболикийн Төвийн эрдэмтэд хөгжмийн зохиолчийн чавхдаст дөрвөлийн бүтээлүүдийг задлан шинжилж, дөрвөн үед хуваасан байна. Тэд зүгээр л, дээрх бүтээлүүдийн эхний анги дахь нэгдүгээр хийлийн тоглолтын хэсэгт байх G6 буюу гуравдугаар октавын соль өнгөнөөс дээшхи (1568 Гц) нотнуудын тоог гаргажээ. Дүлийрэл нэмэгдэх тусам ийм ноотнуудын тоо багассаар байжээ. Бетховен өөрийн сайн сонсож байгаа ноотнуудыг түлхүү ашиглаж байсан бололтой.
Сонирхолтой нь, бүрэн дүлийрснийхээ дараа зохиолч дээд өнгөнүүдэд эргэж хандах болжээ. Сонсголоо бүрэн алдсан нь түүнийг нэг ёсондоо чөлөөлж, тэрээр хөгжмийн авиа сонсох гэж зүдэрч шаналалгүй, цэвэр дотоод сонсголдоо найдан туурвих болсон байна. 1824 онд түүний бүтээсэн агуу 9-р симфонийг хөгжим судлаачид сонгодог хөгжмийн түүхэн дэхь хамгийн сод туурвил хэмээн үздэг бөгөөд Бетховен энэ бүтээлийнхээ эгшиглэнг болон анхны тоглолтынх нь дараах үзэгч олны шагшин, бахархсан уухайг сонсох чадвараа нэгэнт алдсан байсан билээ.
“Аяа, намайг сармагчин шиг муухай бүдүүлэг мугуйд гэж тооцогч хүмүүс та нар надтай юутай шударга биш харьцана вэ. Та нар ингэж боддогийн шалтгаан нууцыг мэдэхгүй байна! Бага балчраасаа миний сэтгэл оюун энхрий ялдам сайн сайхны төлөө байсан юм. Би гавьяат үйлс бүтээхэд ч бэлэн байсан. Эдгэршгүй өвчнөөр зургаан жил шаналж, юм мэддэггүй эмч нар улам дордуулж байгааг ойлгодог ч болоосой, та минь! Хажууд байгаа хүн алсад жингэнэх лимбийн дууг сонсож байхад би огт сонсохгүй байгаадаа юутай их гутарсан гэж санана!... Энэ бүхэн намайг амьдын тамруу хөтөлж, жаахан удсан бол амиа хорлоход хүргэх байлаа.
Гагцхүү намайг урлаг аварлаа! Амьдралаа зориулсан бүхнийг хийж гүйцээхээс нааш ертөнцийг орхих гэдэг сэтгэшгүй зүйл мэт санагдлаа... Аяа тэнгэр минь чи, тэр өдрөөс миний зүрх сэтгэлийг харж байна биш үү. Зүрх минь хүн ардыг хайрлахын төлөө цохилж байгааг чи харж байна биш үү! ”
Бетховены 9-р симфони бол түүний уран бүтээлийн оргил юм. Энэ бол симфонийн түүхэнд анх удаа дуучид дуулж, түүний хөгжилд шинэчлэл хийсэн алдарт бүтээл байлаа. Бетховен уг алдарт симфонио бичиж байхдаа таг дүлий байсан юм.
1824 оны 5-р сард энэ суут бүтээлээ удирдан тоглуулж дуусаад, эргэж ёслохдоо сонсогчдын алга ташилтын нижигнээнийг огт сонсохгүй гагцхүү нулимс мэлтгэнэсэн нүдээр баяр бахдалдаа дэвэрсэн сонсогч олны дахин сонсохыг шаардсан гар яралзаж байхыг харж, тэдэнд юу бүтээж өгснөө ойлгожээ.
Амьдралынхаа сүүлч үед Бетховен алдарт 9-р симфониос гадна “Хүндэтгэлийн месс”, чавхдаст хөгжмийн 5 дөрвөл, төгөлдөр хуурт зориулсан сүүлчийнхээ зохиолуудыг туурвисан билээ.
1827 оны гуравдугаар сарын хорин зургааны шөнө Вена хотыг багширсан хар үүл нөмөрч аянга цахилгааны галт луу мэт зурвасууд түнэр харанхуйг зад ташуурдан газар дэлхий нүргэлэн доргиж цас бороо холилдон орж байлаа. Байгалийн хилэгнэлийн энэ сүрт дуунаас эмээсэн хүмүүс дуу алдаж байхад Австрийн нийслэлийн захын бөглүү гудамжны намхан муу байшинд нэгэн хүн юу ч огт үл сонсон орондоо хэвтэж байв. Гагцхүү нүдэнд нь хорсол хилэнгийн оч гялалзана. Тэр хүн арайхийн босч, цонх руу очлоо. Аянга цахилгаан, үүл мананг удтал харж зогссоноо гэнэт нударга зангидаж зүхэн занаад эргэхдээ хүйтэн шал дээр хөсөр ойчлоо.
“Фиделио” дуурь /1814/, “Прометейн урлал” /1801/ бүжгийн жүжиг, В.Гётегийн “Фауст” жүжгийн хөгжим /1810/, орториа, 2 месс, магтуу, найрал дуунууд, 9 симфони /1800, 1802, 1804, 1806, 1808, 1812, 1824/, симфони удиртгал 11 үүнд: “Леонара”, “Кориолан”, “Эгмонт” зэрэг; 7 концерт үүнээс 5 нь төгөлдөр хуур, 1 нь хийл, 1 нь гурвалсан концерт; 16 дөрвөл зэрэг цөөхүүл дан хөгжмийн чуулгат зориулсан 60 зохиол; төгөлдөр хуурын олон зохиол үүнд: 32 сонат, 22 хувилбар зохиол; хийлийн 10 сонат, морин хийлийн 5 сонат, 90 гаруй дуу, ардын дууны найруулга 6 дэвтэр зэрэг зохиолтой.

Comments

Popular posts from this blog

Франц Шуберт

СОНГОДОГ ХӨГЖИМ